Thursday, January 7, 2010

ЭКСПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН YНИЙГ ТОДОРХОЙЛОХ

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох арга
Экспортын барааны гаалийн үнэ нь Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа
нийлүүлэх нөхцөлөөр тодорхойлогдоно.
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргыг дор дурдсан
дарааллын дагуу хэрэглэнэ:
хэлцлийн үнийн арга;
зардлаас тооцох арга;
нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
зах зээлийн мэдээлэл, судалгааны арга.
Хэлцлийн үнийн арга
Хэлцийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн
үнэд Монгол Улсын хил хүртэлх дараахь зардал, төлбөр ороогүй бол нэмж тооцно:
1. тээврийн зардал;
2. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын
бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, барааг ачих, буулгах, хадгалах,шилжүүлэн ачих зардал.
Экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг дараахь тохиолдолд
хэрэглэхгүй:
1. хэлцэл нь барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;
2. худалдагч болон худалдан авагч харилцан хамааралтай бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.
3. Харилцан хамаарал үнэд нөлөөлсөн гэдгийг ГТГТТхуулийн 10.7.6-д заасны дагуу
ойлгоно.
Зардлаас тооцох арга
Хэлцлийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд зардлаас тооцох аргыг хэрэглэнэ.
Зардлаас тооцох аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход Монгол Улсын нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан
бодох бүртгэлийн бодит баримт мэдээлэлд тулгуурлаж нэгж үнийг тодорхойлно.
Зардлаас тооцох аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход тухайн барааны нэгжид шууд болон шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг нэмж тооцно:
1. үнийг тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдсон дараахь зардал:
1.1 үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон
хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;
1.2. барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус
үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;
1.3. үйл ажиллагааны болон удирдлагын зардлын ногдох хэсэг;
1.4. цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын ногдох хэсэг;
1.5. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг;
1.6. тухайн бараанд ногдох татвар.
2. барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл;
3. тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортлосноос олсон ашиг.
Дээрх 3 бүлэг зардал, үнэ, татвар, ашгийг давхардуулан тооцохгүй.
Дээрх 3 бүлэг зардал, төлбөр, ашиг нь статистикийн болон татварын байгууллагад бүртгэгдсэн тухайн салбарын аж ахуйн нэгжийн дундаж үзүүлэлттэй ойролцоогүй,
их зөрүүтэй бол зардлаас тооцох аргаар гаалийн үнийг тодорхойлохгүй.
Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
Дээрх 2 аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ.
Экспортын барааны гаалийн үнийг нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны
хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн
бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортолсон нэг төрлийн болон ижил төрлийн барааны
хэлцлийн үнийг ашиглана.
Нэг төрлийн бараа болон ижил төрлийн бараа гэдгийг дээр дурдсанаар ойлгоно.
Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар экспортын
барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:
1. харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж,
байгууллагын хэлцлийн үнэ байх;
2. харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа бараатай нэг зэрэг, эсхүл 60-аас
дээшгүй хоногийн дотор экспортлогдсон байх.
2-т заасан хугацаанд харьцуулан жиших хэд хэдэн хэлцлийн үнэ байвал олон тохиолдсон үнийг сонгоно.
Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийн
мэдээлэл, судалгааны арга болно.
Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаар экспортын барааны гаалийн үнийг
тодорхойлохдоо олон улсын худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн
дараахь мэдээлэл, судалгааг үндэслэнэ:
1. экспортлогчийн нийтэд зориулан тараасан үнийн жагсаалт, лавлагаа,
интернетийн мэдээлэл;
2. гадаад худалдааны болон гаалийн статистикийн мэдээ зэрэг олон нийтэд
зориулсан мэдээ, мэдээлэл;
3. барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн
мэдээлэл, зах зээлд зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.

эх сурвалж нь: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 2008 он.

No comments:

Post a Comment