Friday, August 6, 2010

ЧӨЛӨӨТ СОЛИЛЦОО

ЧӨЛӨӨТ СОЛИЛЦОО: чөлөөт солилцоонд саад болдог улс төрийн янз бүрийн бодлогууд нь эдийн засгийн өсөлтийг зогсоодог
Чөлөөт солилцоо гэдэг нь түншүүд хүссэн зүйлээ хүссэн хэмжээгээр бие биенээсээ боломжит хэмжээгээр авахыг зөвшөөрдөг нийгмийн гүйлгээний нэг хэлбэр юм. Зах зээлийн эдийн засагт хүчээр худалдах, худалдан авах, солилцох асуудал байдаггүй. Харин ч хувийн ашиг сонирхол нь гэрээ хийж бараа солилцох үндэс болдог.
Чөлөөт солилцооноос бүгдээрээ хождог. Иймд засгийн газар солилцоонд саад болдог нь өөрийн орны эдийн засгийн хөгжлийг боож буй хэрэг юм.
Чөлөөт солилцоог олон аргаар хязгаарладаг.
Нэгдүгээрт, ихэнх орнууд эдийн засгийн зарим нэг үйл ажиллагаа хийхийг хязгаарладаг.
Хэрвээ та өөрийн бизнесийг эхлэхийг хүсвэл олон анкет бөглөж, тухайн салбараар мэргэшсэн болох, үйл ажиллагаа явуулах чадвартай, санхүү болон бусад хөрөнгийн эх үүсвэр бий гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагуудад нотлох хэрэгтэй болно. Хэрвээ та төрийн түшмэлд авилга өгөхгүй, эсвэл түүний намд хандив өгөхгүй бол тэр таны өргөдөлд сөрөг хариу ч өгч чадна.
Перугийн эдийн засагч Эрнандо Де Сото “Өөр зам” (Hernando de Soto, The Other Path) номдоо Перугийн нийслэл Лима хотод хувцас оёдлын үйлдвэрийг хуулийн дагуу нээхийн тулд 5 хүн бүх дүрэм журмыг биелүүлэхийн төлөө 289 ажлын өдөр зарцуулсан тухай жишээ татсан байдаг. Энэ хугацаанд тэднээс 12 удаа авилга нэхсэн байдаг. Бүх зүйлийг хуулийн дагуу хийчхээд байхад шүү дээ. Хэрвээ та гадаадын хөрөнгө оруулагчийн эх үүсвэрээр бизнесээ эхэлж буй бол төрийн саад тотгорын хана улам шигүү бөгөөд өндөр болдог гэнэ. Иймэрхүү хандлага нь өрсөлдөөнийг зогсоож, авилгыг хөгжүүлдэг төдийгүй сайн бизнесменүүдийг “далд эдийн засаг” уруу түлхдэг хэмээн Де Сото тэмдэглэжээ.
Хоёрдугаарт, бүгдэд адил хүчтэй төрийн хууль тогтворгүй засгийн газрын уршгаар нөхцөл байдал бүрд өөр өөр үйлчлэх нь чөлөөт өрсөлдөөнийг унагаж, солилцоог боогдуулдаг.
Зарим нэг улсад хуулийг өөрийн дураар тайлбарлах эрхийг албан тушаалтнуудад олгосон хууль баталдаг аж. Жишээ нь: 1980-д оны дундуур Гватемалд гаалийн байцаагч нар хэрвээ “үндэсний ашиг сонирхол”-д нийцсэн гэж үзвэл гаалийн тарифыг тэглэх эрхтэйгээр ажиллаж байжээ. Хууль эрх зүйн иймэрхүү зөвшөөрөл нь дарамт, шахалт, авилгын үүдийг нээж буй хэрэг юм. Нөгөө талаас бизнес хийх шударга хүмүүсийн тоог бууруулж, хуулийн цоорхойг ашиглан луйвар хийх нөхдүүдийг олшруулдаг. Хууль нь олон утга санааг агуулаагүй, шударга, тэгш эрх олгосон байх ёстой. Үгүй бол худалдаанд саад учирч солилцооноос бид хожоо олж чадахгүй юм.
Гуравдугаарт, олон орнууд үнийн хяналтыг хэрэглэгдэг. Хэрвээ барааны тогтоосон үнэ нь зах зээлийн үнээс өндөр байвал худалдан авагч авах ёстойгоос цөөн тооны барааг авч, солилцооны хүрээ багасна. Нөгөө талаас зах зээлийн үнээс бага байвал үйлдвэрлэлийн хэмжээ буурч, солилцоо нэгэн адил багасна. Эцсийн үр дүнг нь тооцвол үнэ өсөх, буурах ямар ч ялгаагүй төрийн үнийн хяналт нь нэг бол худалдааны хэмжээг бууруулна, нөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж солилцооноос олох ашгийг багасгана. Солилцоо нь зайлшгүй бөгөөд нийгэмд буй эд баялгийг хамгийн ашигтайгаар зарцуулах боломжийг олгодог. Улс төрчдийн тогтоосон худалдаачдын даван туулах олон янзын саад хориг нь үйлдвэрлэлийг бууруулдаг төдийгүй “үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах” нэрийн дор явлаа ч үр дүн нь бидэнд тодорхой билээ.
Хэрвээ алив улс орон өөрийн нөөц боломжийг бүрэн ашиглахыг хүсвэл худалдааг хүндрүүлж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлдэг бүх хязгаарлалтыг хамгийн боломжит доод төвшинд аваачих хэрэгтэй юм. Бүгдийн хүсэж буй үйлчилгээг үзүүлэх чадвар нь тухайн үйл ажиллагаа эерэг үр дүнтэйг баталсан хүчтэй нотолгоо болно. Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй зохицуулалт нь зах зээл өөрөө буй заа.

Гадаад эдийн засгийн харилцаа

энэ талын онолын мэдлэгийг бататгасан нэгэн номыг олов.
ОХУ Пенза хотын их сургуулийн багш нарын хамтын бүтээл аж.
сэдвүүд, түлхүүр ойлголтуудыг загварчилсан нь их ойлгомжтой болжээ.
татаж авах
http://window.edu.ru/window_catalog/redir?id=59721&file=stup432.pdf

Self assessment methods of risk

Хувь хүний эрсдэл тооцох аргууд (Self assessment methods of risk)
Хүнийг тэнэг гэдэг нь доорд үзэж, элэг доог хийсэн хэрэг бус түүний цаад мөн чанарт нуугдан байгаа харанхуй хэсгийг зааж буй хэрэг юм гэж нэгэнтээ Японы алдарт зохиолч, монголч эрдэмтэн Шиба Рёотаро гуай хэлжээ. Хүн угаас тэнэг, ухаангүй бус аливааг мэдэхгүй, сайтар таниагүйн зовлонгоос болж зорилгоо умартдагийг энэ эрдэмтэн онож харжээ. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л аливаа үйл явцыг мэдэхгүй, чадахгүйн зовлон их байж. Гэтэл хөгжлийн түүхийн сүүлийн 200 жилд мэдэх чадахын гай их болсон гэж хэлэхэд таарна. Гэвч хүн төрөлхтөн үүнийг зөвшөөрөхгүй, тэрээр улам ихийг мэдэж, бүгдийг өөрийн хяналтад байлгахыг хүснэ. Үүний тод нэгэн жишээ бол эрсдэл юм. Түүхийн аль ч хэсэгт эрсдэл үргэлж хүний сул, эсвэл давуу тал байсан. Эрсдэл нь нэг бол сайн, эсвэл төсөөлшгүй сөрөг үр дагаврыг авчирдаг. Харин орчин үеийн шинжлэх ухаан энэ тухай бичихдээ: “Аливаа үйл явдал, үзэгдлийн үр дагаврыг урьдчилан тооцож, түүнийг өөрийн зорилгод ашиглах боломжийг эрсдэлийн удирдлага олгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс өөрсдийн үйлдлээс гарах үр дагаврыг урьдчилан тооцож тухайн нөхцөл байдалд давуу байдал олж авах боломжийг бий болгожээ.
2005 оны 9 сард NEW SCIENTIST сэтгүүлд хүн төрөлхтөнд ач холбогдол бүхий 10 шинжлэх ухааны нээлтийн тухай санал асуулгын дүн гарчээ. Дэлхийн шилдэг 50 их сургуулийн багш, эрдэмтэд, судлаачдын дунд явуулсан судалгааны дүнгээр “эрсдэлийн удирдлага” 5-р байрт буюу ардаа Эйнштейний харьцангуйн онолыг орхисон хэрэг болов. Санал асуулгад оролцогсдынхоор:
“эрсдэл бол зөвхөн хүмүүсийн ухамсарт байдаг зохиомол зүйл. Аливаа үйл явдал, түүнээс үүсэх үр дагаврыг үнэлэх хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотой. Өнгөрсөнд хүмүүс өөрсдийн үйлдлээс үүссэн сөрөг үр дагаврыг тодорхой бус байдалтай холбодог байсан бол одоо өөрийн боломжийг үнэлж үр дагаврыг тооцох чадвартай болсон” гэжээ.
Эрсдэлийн шинжлэх ухаанч судалгааны түүх 1654 онд Паскалийн “тоглоомын онол”-оор эхэлсэн гэж хэлэхэд болно. Тэрээр Ферматай цуг “магадлалын онол”-оор судалгаагаа улам гүнзгийрүүлсэн бол 1800 оноос “олон тооны онол”, “хэвийн тархалт”, “статистик тооцооллын арга” гарснаар, мэдээлэлд тулгуурласан оновчтой шийдвэрийн тухай “Бессийн теорем” эрсдэл тооцох эхний алхам хийгдэв. ХХ-р зууны дунд үеэс эрсдэл тооцох асуудал менежментийн шинжлэх ухаантай холбогдсон аж. Улс гүрэн, байгууллага, хувь хүн өөрсдийн зорилгод хүрэхийн тулд байнга хичээж, тасралтгүй хөдөлмөрлөдөг. Энэ нь хаа сайгүй эерэг үр дүнд хүрэхийн тулд тохирсон шийдвэрүүдийг олж, сонгох хэрэгцээ үргэлж байдаг гэсэн үг юм.
Хүйтэн дайны үед АНУ-д эрсдэлийн шинжлэх ухааны судалгаа өргөн тархсаныг ЗХУ-тай холбон тайлбарладаг. Карибын хямралын үед хэзээ оросууд бидэн дээр атомын бөмбөгөө хаях, пуужингаа харвах бол гэж толгойтой болгон эрсдэл тооцож суусан гэж хошигнодог. Тэр үеэс л эрсдэлийн менежментийг бүх салбарт хэрэгжүүлэх үйл явц хүчээ авсан аж. Түүнчлэн хувь хүний төвшинд эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх судалгаа нэлээд урагшилжээ. Өөрөөр хэлбэл аливаа байгууллагын зорилго, түүнд хүрэх зорилтууд, тэдгээртэй уялдсан өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг гол (инструмент) арга хэрэгсэл нь хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэг талаас эрсдэлийн менежментийг байгууллагын ажилчдын төвшинд хэрэгжүүлснээр мотиваци, урамшуулал, хяналт, …. эдгээрийг хэрэгжүүлэх удирдлагын ажил хөнгөрсөн гэж үзэж болно. Нөгөө талаас ажилчдын хөдөлмөрийн бүтээмж хэд дахин дээшилжээ.
Хувь хүний төвшинд эрсдэл тооцно гэдэг нь бидний ухаан орсон цагаас аливааг таних гэсэн оролдлого, сэтгэлгээтэй холбоотой үйл ажиллагаа юм. Харин орчин үеийн системчилсэн, эрсдэл тооцох аргуудыг хэрэглэснээр бидний ертөнцийг үзэх үзэл, амьдралыг цэгнэх уламжлалт шалгуурууд нь улам боловсронгуй, ойлгомжтой болж, бидний амьдралд эерэг үр дагавар авчрах нигууртай. Өөрөөр хэлбэл сайхан ба муухай, шударга ба шударга бус, зөв ба буруу, ашигтай ба ашиггүй, г.м эсрэг тэсрэгийн шалгуурууд өөрчлөгдөж оронд нь эрсдэлд шалгуурууд бий болно гэсэн үг юм. Хувь хүний эрсдэл тооцох аргуудын тухай олон эх сурвалж, материал бий авч энэ удаад онцлох дараах аргын талаарх мэдээллийг та бүхэнтэй хуваалцахаар сонголоо.
Давуу байдлын дэс дараалалын арга.
Энэ арга нь (орос. приоритетный метод; англи. priority method) буюу аливаа үзэгдлийг ямар нэг шалгуураар онцолж дэс дугаарлан үнэлэхийг хэлж буй юм. Энэ аргыг ажлын байр болон хувийн амьдралд хэрэглэх нь эерэг үр дүн авчирдаг. Жишээ болгож нэгэн тохиолдолыг авч үзье. Та өөрийн дотнын хүмүүстэйгээ ширээ тойрч эсвэл толины өмнө суугаад таны амьдралыг өөрчилж болох 10 эрсдэлийн талаарх жагсаалт гаргана. (цахим буюу MS excel дээр хийвэл илүү тохиромжтой) Дараа нь үүссэн эрсдэл бүрээс гарч болох үр дагаврыг төсөөлж дэлгэрэнгүй бичнэ. Ингээд 10 эрсдэлээ (10аас ч илүү байж болно) 1-10 хүртэл таны амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдлоор нь дугаарлаж, тодорхой дараалалд оруулна. 1-р эрсдэлээс гарах үр дагавар нь таны амьдралыг шууд өөрчилнө. Харин 10-р эрсдэл нь бага зэрэг, эсвэл бараг мэдэгдэхгүй өнгөрч болох юм. Иймэрхүү маягаар үнэлгээ өгч дугаарласан жагсаалтыг хэвлэж аваад өдөр бүр өөртэйгөө аль болох ойр байлгах хэрэгтэй юм. Дараа нь эрсдэлд дүн шинжилгээ хийнэ. (цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр шаарддаг учраас ихэнх хүмүүс үүнийг дүн шигжилгээг амьдралд хэрэгжүүлэх дургүй байдаг). Дүн шинжилгээний хэсэгт надад тохиолдсон, бусад хүмүүст элбэг тохиолдох үйл явдлыг жишээ болгон авъя. Компьютер юунаас ч юм бүү мэд ажилгүй болох, хард дээр байсан мэдээллүүд үүнээс болоод устсан. Хард дээрээ бид маш олон мэдээллийг хадгалдаг шүү дээ. Миний хувьд нэлээд хэдэн сарын өмнө миний амьдралын 5 жилийг харуулсан гэрэл зургууд, 6 жилийн турш хийсэн судалгааны ажил гэх мэт мөнгөөр үнэлшгүй олон файлууд устсан үйл явдал тохиолдсон юм. Иймэрхүү явдал надад ч бус олон хүнд түгээмэл тохиолддог юм билээ. Юуны өмнө дараах хүснэгтийг зурах хэрэгтэй.
Эрсдэлийн нэр: компьютерын хард диск ажилгүй болох,
Дэс дарааллын дугаар: 1
Эрсдэлийн хүчин төгөлдөр хугацаа: 2010.05.28
Эрсдэлийн тохиолдох магадлал (доод, дунд, дээд): дунд зэрэг
Эрсдэлийн тодорхойлолт, түүний үр дагавар: Хард диск эвдэрснээр 5 жил хийсэн судалгааны ажил устгагдсан. 10 жилийн туршид авахуулсан гэр бүлийн, найз нөхдийн, сургуулийн, аяллаар явсан зэрэг 20 гб зураг устсан. 5 жил хийсэн судалгааны ажил үгүй болсноор судалгааны ажлыг ахиж эхлэх, практик туршилтуудыг дахин хийх шаардлага гарсан. Нийт өртөг нь 6 сая төгрөг болно.
Эрсдэлийн шалтгаан:
1.Вирус, гаднын вирустэй флэш диск хийснээс болсон,
2.Интернетээс дүү рекламын программ суулгаснаас болж хэт их ачаалал өгч хард шатсан,
3.Компьютер хулгай авсан,
4.Өрөөнд гал гарсан,
5.Хард элэгдэлд орж эвдэрсэн,
Эрсдэлийг багасгах төлөвлөгөө:
1.Сайн антивирус программ суулгах,
2.Зөөврийн хард диск худалдаж авах, худалдаж автлаа файлуудыг ДВД дискэнд хуулж хадгалах,
3.Windows auto backup тохируулах,
4.Нөөц флэш дээр файлуудыг хадгалж найдвартай газар хадгалах,
5.Шинэ хард авахын тулд сар бүр 10 мянга хадгалах,
Эрсдэлд хэрэгжүүлэх төлөвлөгөө:
1.Эвдэрсэн хардыг үнэлэх,
2.Нөхөн сэргээж болохгүй тохиолдолд шинэ хард авах,
3.Нөөц мэдээлэл хадгалагчаас бүх устгагдсан мэдээллүүдийг сэргээх,
Эрсдэлийн зардал:
1.Шинэ зөөврийн хард худалдаж авахад 120 000 төгрөг,
2.Шинэ хард авахад 40 000 цуглуулах,
Эрсдэл үүссэн шинж тэмдэг:Хард дискнээс мэдээлэл авах боломжгүй болсон.

Энэ бол эрсдэл бууруулах төлөвлөгөө юм. Үүнээс гадна та эерэг үр дүнтэй эрсдэлүүдийг иймэрхүү загвараар тооцоолж хүч нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж болно. Болох магадлалыг өсгөх үүднээс урьдчилж тооцох нь хамгийн зөв арга байдаг. Энэхүү аргын үр дүн нь та зөвхөн нэг удаа эрсдэл тооцоод зогсохгүй тодорхой хугацаанд давтамжтайгаар экспресс анализ хийж байвал илүү болохыг анхаарна уу.

Хоёрдугаар арга буюу take 5 .
“Take 5” бол аливаа эрсдэлийн үнэлгээний үндсэн зарчим юм. Энэ аргад суурилсан тэмдэглэлийн дэвтрийг олон байгууллагууд менежментийн гол арга хэрэгсэл болгон хэрэглэдэг. Арга маань маш энгийн учраас хэрэглээ нь өргөн тархсан юм. Энэ арга нь 5 алхмаас бүрдэх бөгөөд ойролцоогоор 5 минутад дүн шинжилгээ хийх бололцоог олгодог учраас англиар “take 5” буюу монгол хэлэнд орчуулснаар “зогс 5 минут” гэж нэрлэнэ. Аливаа байгууллагад ажилчдаас үүсэх эрсдэлийн хүчин зүйлийг багасгах үүднээс тодорхой хэмжээний үйл ажиллагааны зохицуулсан (хуулийн заалт, тогтоол, шийдвэр, тушаал, дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын тусгай дүрэм, үйлчилгээний стандарт, г.м) дүрмийг боловсруулдаг. Гэвч практик дээр ажилчид маань сөрөг үр дагавар гарахыг мэдсээр байж эрсдэлтэй алхам хийх нь тохиолддог. Энэ арга нь хувь хүний хүчин зүйлээс үүдэлтэй эрсдэлийг байгууллагын төвшинд 90% бууруулдаг тухай Английн HSE компанийн судалгаа тогтоожээ.
Бид хэдийгээр ухаант амьтад боловч зарим тохиолдолд бидэнд тохиолдох амьдралын бодит байдлыг үнэнээр ойлгох чадваргүй болдог бөгөөд үр дагаврыг нь тооцоогүй шийдвэр гаргах нь олонтаа ажээ. Харин аливаа нөхцөл байдлыг хөндлөнгөөс харснаар дүн шинжилгээ хийх боломж бүрдэх бөгөөд ингэснээр бид олон сонголтоос хамгийн тааламжтайг нь энэ аргын тусламжтайгаар сонгож чадах юм. Цаашид ойлгомжтой байх үүднээс хоёр нэр томьёог тайлбарлах хэрэгтэй. Үүнд:
-Аюул гэдэг нь хор уршиг, хохирол бүхий сөрөг үр дагавартай айвал зохих үйл явдал,
-Эрсдэл гэж аюул тохиолдох магадлалын хэмжээ (high risk, low risk)
Алхам нэг. Аюулыг тодорхойлох,
Танд нөлөөлөх гадаад ба дотоод хүчин зүйлсийг тооцох алхам болно. Гадаад ямар ажил хийдэг, ажлын байранд ямар үүрэг гүйцэтгэдэг, хэний удирдлагад ажилладаг, Таны гүйцэтгэж буй ажил хууль, журамд хир нийцэж буй, үйлчлүүлэгчид ямар хүмүүс байна, тэдний шаардлага таны ажилд саад болж байна уу, хуульд нийцэж буй эсэх г.м харин дотоод хүчин зүйл нь таны сонирхол, гэр бүлийн байдал, эрүүл мэнд зэрэг таны амьдралд нөлөөлхүйц аюулыг тодорхойлох юм.
Алхам хоёр. Аюулыг хайж илрүүлэх,
Энэ шатанд таны тодорхойлсон аюулуудаас аль нь тохиолдох магадлал үүссэн байна, эсвэл таны гаргасан шийдвэр 1-р алхамд тодорхойлсон аюултай холбогдож буй эсэхийг та хайж илрүүлэх ёстой.
Алхам гурав. Эрсдэлийн үнэлгээ,
Нэг ба хоёрдугаар алхамд илрүүлсэн фактуудад тулгуурлан дүгнэлт хийхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл тохиолдох магадлал ямар байна? Гарах үр дагавар, түүний үнэлгээг (зэрэглэл тогтоож эрэмбэлнэ) хүснэгтэд (Зураг №1.) байрлуулна.
Бага буюу ногоон өнгө, эрсдэл бага боловч асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Дунд буюу шар өнгө, эрсдэл дунд зэрэг учраас эрсдэлийг хуваах, тараах (эрсдэлийг хэн нэгэнтэй хамт үүрэх, эсвэл өөр хүнд шилжүүлж болно.) эсвэл гарах эрсдэлийг арилгах тал дээр ажиллана.
Цэнхэр буюу аюул илэрсэн үе, үйл ажиллагааг түр зогсоож байдлыг хяналтад авах хэрэгтэй.
Улаан буюу бодит аюул, энэ үед холбогдох албан тушаалтан, удирдлагад мэдэгдэж ажлыг хийхээс татгалзах, эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авна.
Зураг №1. Эрсдэлийн үнэлгээний хүснэгт 1-р тохиолдлын жишээ дээр.
Бага
Бага боловч арилгах шаардлагатай. Жишээ нь: компьютерын антивирүс программын хугацаа 1 сарын дараа дуусна. Хугацааг сунгана.

Дунд
Компьютер дээрх мэдээллийг зөөврийн мэдээлэл хадгалагчид (флеш, зөөврийн хард, CD-R, DVD, BLUE-RAY, ) хадгална.

Болгоомжлох
Компьютерт мэдээллийн Backup тохируулга хийнэ Back up тохируулга хийх, эсвэл хард дискны мэдээллийг дахин хадгалдаг нөөц диск, сервертэй холбох, вирүс орох болон бусад эрсдэлийг үгүй хийх, Firewall тохируулга хийнэ.

Аюултай
Вирүс илэрсэн учир антивирус программаар хайлгана. Вирүстсэн тохиолдолд компьютерыг унтрааж мэргэжлийн хүнд хандана.

Алхам дөрөв. Урьдчилан сэргийлэх,
Энэ алхамд эрсдэлийг зайлуулах аргуудыг ашиглах бөгөөд зайлшгүй тохиолдолд аль болох өөрөө 100% эрсдэл хүлээхийг хичээх хэрэггүй бөгөөд аюулаас татгалзах аргуудыг хайж олох чухал. Онолын хувьд дараах аргуудыг хэрэглэдэг -эрсдэлээс бултах, -эрсдэлийг тусгаарлах, -эрсдэлийг хуваах гэх мэт аргууд байдаг. Эдгээрийн ерөнхий агуулгыг дараах зарчмаар тодорхойлсон байдаг. Үүнд:
•өөрийн хөрөнгөөс давсан зүйлд эрсдэл хийж болохгүй,
•жижиг зүйлийн төлөө томоор эрсдэл хийж болохгүй,
•эрсдэлийн үр дагаврыг урьдчилан таах хэрэгтэй,

Алхам тав. Аюулыг гэтлэх,
Аюулыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэрэглэсэн учир та өөртөө итгэлтэйгээр аюулыг хэрхэн гэтлэн давах аргаа олсон үе юм. Эрсдэлийг тодорхойлж гэтлэх арга замыг тодорхойлсон учир үйл ажиллагааг аажим эхэлж бүгдийг хяналтад байлгана. Гарсан аюулыг өөрөө гэтлэн давсан, эсвэл бусдын тусламжтайгаар давж гарсан эсэхийг тодорхойлох нь сүүлд танд эрсдэлтэй дахин учрахад бэлэн байх туршлага болно. Практикт “зогс 5 минут” хүснэгтийн бүтэц дараах байдалтай байдаг.
№Дэс дараалал Авч хэрэгжүүлэх арга хэмжээ
1Аюулыг тодорхойлох -Флешнээс, Интернэтээс, Сүлжээгээр компьютер вирүстэж хард дээрх мэдээлэл устана.
2Аюулыг хайж илрүүлэх -Флешээр найзаасаа мэдээлэл хуулах шаардлагатай байна
3Эрсдэлийн үнэлгээ -Флешнээс вирүстэх магадлал өндөр “болгоомжлох” арга хэмжээг авна.
4Урьдчилан сэргийлэх -Флешээр бус цахим шуудангаар мэдээлэл авахаар болов
5Аюулыг гэтлэх -Цахим шуудангаар авлаа.

Эрсдэлийн удирдлага үргэлж байгууллагын үйл ажиллагааны амжилттай холбоотой байдаг учир энэ салбарт хөрөнгө, нөөцийн тодорхой хувийг зарцуулах зайлшгүй бөгөөд үргэлж эерэг үр дүн дагуулна. Ялангуяа ажилчдын төвшинд эрсдэл тооцох эдгээр аргуудыг хэрэглэх нь хууль, дүрэм, журам тогтоохоос илүү үр дүнтэйг судалгаа харуулдаг. Зарим байгууллагуудад “зогс 5 минут” аргыг хэрэглэх нь эрсдэлийг бууруулаад зогсохгүй ажилчдын хооронд туршлага солилцох шинэ боломжийг бий болгодог байна. Хэрвээ та удирдагч бол ажилчдаараа дээрх хүснэгтийг бөглүүлж доторх мэдээллийг цуглуулснаар ажилчид тань юу хүсдэг, юунаас айдаг, та өөрөө ямар удирдагч болох, цаашид ямар удирдлага илүү үр дүнтэй байх, байгууллагаа хэрхэн сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухаг хэрэгсэл болно.