Friday, August 6, 2010

ЧӨЛӨӨТ СОЛИЛЦОО

ЧӨЛӨӨТ СОЛИЛЦОО: чөлөөт солилцоонд саад болдог улс төрийн янз бүрийн бодлогууд нь эдийн засгийн өсөлтийг зогсоодог
Чөлөөт солилцоо гэдэг нь түншүүд хүссэн зүйлээ хүссэн хэмжээгээр бие биенээсээ боломжит хэмжээгээр авахыг зөвшөөрдөг нийгмийн гүйлгээний нэг хэлбэр юм. Зах зээлийн эдийн засагт хүчээр худалдах, худалдан авах, солилцох асуудал байдаггүй. Харин ч хувийн ашиг сонирхол нь гэрээ хийж бараа солилцох үндэс болдог.
Чөлөөт солилцооноос бүгдээрээ хождог. Иймд засгийн газар солилцоонд саад болдог нь өөрийн орны эдийн засгийн хөгжлийг боож буй хэрэг юм.
Чөлөөт солилцоог олон аргаар хязгаарладаг.
Нэгдүгээрт, ихэнх орнууд эдийн засгийн зарим нэг үйл ажиллагаа хийхийг хязгаарладаг.
Хэрвээ та өөрийн бизнесийг эхлэхийг хүсвэл олон анкет бөглөж, тухайн салбараар мэргэшсэн болох, үйл ажиллагаа явуулах чадвартай, санхүү болон бусад хөрөнгийн эх үүсвэр бий гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагуудад нотлох хэрэгтэй болно. Хэрвээ та төрийн түшмэлд авилга өгөхгүй, эсвэл түүний намд хандив өгөхгүй бол тэр таны өргөдөлд сөрөг хариу ч өгч чадна.
Перугийн эдийн засагч Эрнандо Де Сото “Өөр зам” (Hernando de Soto, The Other Path) номдоо Перугийн нийслэл Лима хотод хувцас оёдлын үйлдвэрийг хуулийн дагуу нээхийн тулд 5 хүн бүх дүрэм журмыг биелүүлэхийн төлөө 289 ажлын өдөр зарцуулсан тухай жишээ татсан байдаг. Энэ хугацаанд тэднээс 12 удаа авилга нэхсэн байдаг. Бүх зүйлийг хуулийн дагуу хийчхээд байхад шүү дээ. Хэрвээ та гадаадын хөрөнгө оруулагчийн эх үүсвэрээр бизнесээ эхэлж буй бол төрийн саад тотгорын хана улам шигүү бөгөөд өндөр болдог гэнэ. Иймэрхүү хандлага нь өрсөлдөөнийг зогсоож, авилгыг хөгжүүлдэг төдийгүй сайн бизнесменүүдийг “далд эдийн засаг” уруу түлхдэг хэмээн Де Сото тэмдэглэжээ.
Хоёрдугаарт, бүгдэд адил хүчтэй төрийн хууль тогтворгүй засгийн газрын уршгаар нөхцөл байдал бүрд өөр өөр үйлчлэх нь чөлөөт өрсөлдөөнийг унагаж, солилцоог боогдуулдаг.
Зарим нэг улсад хуулийг өөрийн дураар тайлбарлах эрхийг албан тушаалтнуудад олгосон хууль баталдаг аж. Жишээ нь: 1980-д оны дундуур Гватемалд гаалийн байцаагч нар хэрвээ “үндэсний ашиг сонирхол”-д нийцсэн гэж үзвэл гаалийн тарифыг тэглэх эрхтэйгээр ажиллаж байжээ. Хууль эрх зүйн иймэрхүү зөвшөөрөл нь дарамт, шахалт, авилгын үүдийг нээж буй хэрэг юм. Нөгөө талаас бизнес хийх шударга хүмүүсийн тоог бууруулж, хуулийн цоорхойг ашиглан луйвар хийх нөхдүүдийг олшруулдаг. Хууль нь олон утга санааг агуулаагүй, шударга, тэгш эрх олгосон байх ёстой. Үгүй бол худалдаанд саад учирч солилцооноос бид хожоо олж чадахгүй юм.
Гуравдугаарт, олон орнууд үнийн хяналтыг хэрэглэгдэг. Хэрвээ барааны тогтоосон үнэ нь зах зээлийн үнээс өндөр байвал худалдан авагч авах ёстойгоос цөөн тооны барааг авч, солилцооны хүрээ багасна. Нөгөө талаас зах зээлийн үнээс бага байвал үйлдвэрлэлийн хэмжээ буурч, солилцоо нэгэн адил багасна. Эцсийн үр дүнг нь тооцвол үнэ өсөх, буурах ямар ч ялгаагүй төрийн үнийн хяналт нь нэг бол худалдааны хэмжээг бууруулна, нөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж солилцооноос олох ашгийг багасгана. Солилцоо нь зайлшгүй бөгөөд нийгэмд буй эд баялгийг хамгийн ашигтайгаар зарцуулах боломжийг олгодог. Улс төрчдийн тогтоосон худалдаачдын даван туулах олон янзын саад хориг нь үйлдвэрлэлийг бууруулдаг төдийгүй “үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах” нэрийн дор явлаа ч үр дүн нь бидэнд тодорхой билээ.
Хэрвээ алив улс орон өөрийн нөөц боломжийг бүрэн ашиглахыг хүсвэл худалдааг хүндрүүлж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлдэг бүх хязгаарлалтыг хамгийн боломжит доод төвшинд аваачих хэрэгтэй юм. Бүгдийн хүсэж буй үйлчилгээг үзүүлэх чадвар нь тухайн үйл ажиллагаа эерэг үр дүнтэйг баталсан хүчтэй нотолгоо болно. Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй зохицуулалт нь зах зээл өөрөө буй заа.

No comments:

Post a Comment