Showing posts with label Эдийн засаг. Show all posts
Showing posts with label Эдийн засаг. Show all posts

Friday, August 6, 2010

ЧӨЛӨӨТ СОЛИЛЦОО

ЧӨЛӨӨТ СОЛИЛЦОО: чөлөөт солилцоонд саад болдог улс төрийн янз бүрийн бодлогууд нь эдийн засгийн өсөлтийг зогсоодог
Чөлөөт солилцоо гэдэг нь түншүүд хүссэн зүйлээ хүссэн хэмжээгээр бие биенээсээ боломжит хэмжээгээр авахыг зөвшөөрдөг нийгмийн гүйлгээний нэг хэлбэр юм. Зах зээлийн эдийн засагт хүчээр худалдах, худалдан авах, солилцох асуудал байдаггүй. Харин ч хувийн ашиг сонирхол нь гэрээ хийж бараа солилцох үндэс болдог.
Чөлөөт солилцооноос бүгдээрээ хождог. Иймд засгийн газар солилцоонд саад болдог нь өөрийн орны эдийн засгийн хөгжлийг боож буй хэрэг юм.
Чөлөөт солилцоог олон аргаар хязгаарладаг.
Нэгдүгээрт, ихэнх орнууд эдийн засгийн зарим нэг үйл ажиллагаа хийхийг хязгаарладаг.
Хэрвээ та өөрийн бизнесийг эхлэхийг хүсвэл олон анкет бөглөж, тухайн салбараар мэргэшсэн болох, үйл ажиллагаа явуулах чадвартай, санхүү болон бусад хөрөнгийн эх үүсвэр бий гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагуудад нотлох хэрэгтэй болно. Хэрвээ та төрийн түшмэлд авилга өгөхгүй, эсвэл түүний намд хандив өгөхгүй бол тэр таны өргөдөлд сөрөг хариу ч өгч чадна.
Перугийн эдийн засагч Эрнандо Де Сото “Өөр зам” (Hernando de Soto, The Other Path) номдоо Перугийн нийслэл Лима хотод хувцас оёдлын үйлдвэрийг хуулийн дагуу нээхийн тулд 5 хүн бүх дүрэм журмыг биелүүлэхийн төлөө 289 ажлын өдөр зарцуулсан тухай жишээ татсан байдаг. Энэ хугацаанд тэднээс 12 удаа авилга нэхсэн байдаг. Бүх зүйлийг хуулийн дагуу хийчхээд байхад шүү дээ. Хэрвээ та гадаадын хөрөнгө оруулагчийн эх үүсвэрээр бизнесээ эхэлж буй бол төрийн саад тотгорын хана улам шигүү бөгөөд өндөр болдог гэнэ. Иймэрхүү хандлага нь өрсөлдөөнийг зогсоож, авилгыг хөгжүүлдэг төдийгүй сайн бизнесменүүдийг “далд эдийн засаг” уруу түлхдэг хэмээн Де Сото тэмдэглэжээ.
Хоёрдугаарт, бүгдэд адил хүчтэй төрийн хууль тогтворгүй засгийн газрын уршгаар нөхцөл байдал бүрд өөр өөр үйлчлэх нь чөлөөт өрсөлдөөнийг унагаж, солилцоог боогдуулдаг.
Зарим нэг улсад хуулийг өөрийн дураар тайлбарлах эрхийг албан тушаалтнуудад олгосон хууль баталдаг аж. Жишээ нь: 1980-д оны дундуур Гватемалд гаалийн байцаагч нар хэрвээ “үндэсний ашиг сонирхол”-д нийцсэн гэж үзвэл гаалийн тарифыг тэглэх эрхтэйгээр ажиллаж байжээ. Хууль эрх зүйн иймэрхүү зөвшөөрөл нь дарамт, шахалт, авилгын үүдийг нээж буй хэрэг юм. Нөгөө талаас бизнес хийх шударга хүмүүсийн тоог бууруулж, хуулийн цоорхойг ашиглан луйвар хийх нөхдүүдийг олшруулдаг. Хууль нь олон утга санааг агуулаагүй, шударга, тэгш эрх олгосон байх ёстой. Үгүй бол худалдаанд саад учирч солилцооноос бид хожоо олж чадахгүй юм.
Гуравдугаарт, олон орнууд үнийн хяналтыг хэрэглэгдэг. Хэрвээ барааны тогтоосон үнэ нь зах зээлийн үнээс өндөр байвал худалдан авагч авах ёстойгоос цөөн тооны барааг авч, солилцооны хүрээ багасна. Нөгөө талаас зах зээлийн үнээс бага байвал үйлдвэрлэлийн хэмжээ буурч, солилцоо нэгэн адил багасна. Эцсийн үр дүнг нь тооцвол үнэ өсөх, буурах ямар ч ялгаагүй төрийн үнийн хяналт нь нэг бол худалдааны хэмжээг бууруулна, нөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж солилцооноос олох ашгийг багасгана. Солилцоо нь зайлшгүй бөгөөд нийгэмд буй эд баялгийг хамгийн ашигтайгаар зарцуулах боломжийг олгодог. Улс төрчдийн тогтоосон худалдаачдын даван туулах олон янзын саад хориг нь үйлдвэрлэлийг бууруулдаг төдийгүй “үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах” нэрийн дор явлаа ч үр дүн нь бидэнд тодорхой билээ.
Хэрвээ алив улс орон өөрийн нөөц боломжийг бүрэн ашиглахыг хүсвэл худалдааг хүндрүүлж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлдэг бүх хязгаарлалтыг хамгийн боломжит доод төвшинд аваачих хэрэгтэй юм. Бүгдийн хүсэж буй үйлчилгээг үзүүлэх чадвар нь тухайн үйл ажиллагаа эерэг үр дүнтэйг баталсан хүчтэй нотолгоо болно. Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй зохицуулалт нь зах зээл өөрөө буй заа.

Thursday, July 15, 2010

БҮХНИЙ ТӨЛӨӨ ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн 250 жилд хүн төрөлхтөн амьдралын чанар ба үйлдвэрлэлийг өндөр төвшинд өөрчилж чаджээ. Одоо ч гэсэн хүн төрөлхтөн эдийн засгийн хурдац нь хүний хүсэж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг өндөр төвшинд хүргэх, байгаа эд баялгийг илүү үр өгөөжтэй ашиглагдах арга чаргыг нээсээр байна.
Гэвч энэ нь “Хүн хэзээд ямар нэг зүйлээр дутагдаж байдаг ба цаашдаа ч дутагдсаар байх болно” гэсэн тулгуур хуулийг хэзээ ч өөрчилж чадахгүй юм.
Дэлхий дээрх эд баялаг нь хэмжээтэй бөгөөд хүний хүсэл санаа хязгааргүй юм. Тиймээс ч хүсэж байгаа зүйлсээ авч чадахгүй учраас сонголт хийх болдог аж.
Хэрвээ ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бид хөдөлмөр, суурь төхөөрөмжүүд, байгалын баялаг ашигладаг бол энэ нь биднийг өөр тохиолдолд үйлдвэрлэж болох байсан бүтээгдэхүүнүүдээс татгалзахад хүргэдэг. Энэ сонголтыг зах зээлийн эдийн засагт Хэрэглэгчийн эрэлт ба үйлдвэрлэлийн зардал /алдагдал/ гүйцэтгэнэ.
Барааны эрэлт нь үйлдвэрлэгчийг юу үйлдвэрлэхийг заах дохио болж өгдөг. Гэвч үйлдвэрлэл явуулахын тулд өөр үйлдвэрлэлд зориулагдсан түүхий эдийг худалдан авсан байх шаардлагатай. Үйлдвэрлэлийн түүхий эд худалдан авах зардал, алдагдал нь үйлдвэрлэгчид өөр төрлийн үйлдвэрлэлд энэ түүхий эд хэрэгтэй гэдгийг сануулж байдаг.
Үүний үр дүнд үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх маш өндөр сонирхолтой болох ба зах зээлд ядаж үйлдвэрлэлийн зардалтайгаа тэнцэх үнэтэй барааг нийлүүлэх, ялангуяа хэрэглэгчийн нүдэнд үйлдвэрлэлийн зардал нь үнээс дээгүүр харагдах барааг үйлдвэрлэх нь чухал юм.
Өөр нэгэн хүн тус барааны өртгийг төлсөн үед л хүнд эсвэл бүлэг хүмүүст үнэ төлбөргүй бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой бөгөөд энэ нь зөвхөн өртгийн хуваарилалтын цаг хугацааг л өөрчилж байгаа хэрэг юм.
Улс төрчид нь үргэлж “үнэгүй боловсрол, үнэгүй эмчилгээ, үнэгүй амьдрах байр”-ны тухай ярьдаг боловч эдгээр ойлголтууд нь хүмүүсийг зөвхөн төөрөгдүүлж л чаддаг.
Дээрх ойлголтуудаас ямар нь ч үнэгүй байх боломжгүй бөгөөд эдгээрийг үйлдвэрлэхэд хязгаарлагдмал хэмжээтэй эд баялгийг ашигладаг.
Жишээ нь: Үнэгүй боловсрол олгоход зарцуулагдаж байгаа эд баялаг болох байр, хөдөлмөр, бусад эд баялаг нь өөр зүйл үйлдвэрлэхэд: амралт, зугаа цэнгэл гээд л үйлчилгээний бүх салбарт ашиглагдаж болох байсан. Тэгвэл “Боловсрол”-ийн нийт зардал нь түүнийг үйлдвэрлэхийн тулд татгалзсан бүх боломжуудын зардалтай тэнцүү юм. Төр засаг нь энэ бүхнийг нэгнийх нь нуруун дээрээс нөгөө рүү нь тавьж чадахгүй боловч бас эдгээрээс хагацаж ч чадахгүй зовлон юм.
“Бүхний төлөө төлөх хэрэгтэй” гэсэн дүрэм нь ямар ч амьдралын нөхцөл байдал, тохиолдолд үнэн байдаг.

2010 оны эхний 6 сарын байдлаарх БНХАУ эдийн засаг

Хятадын 2010 оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийн хурд 11,9% буюу өмнөх оны мөн үеийнхээс 6,7%-аар өссөн байна. (Статистикийн хороо) Дундаж нь 9-10% байх болно. (ОУВС, Эдийн засгийн судалгааны мэдээ)
Судлаачдын үзэж буйгаар хэт их өсөлт нь халалтыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл шинэ хямрал бий болно гэсэн таамаглал гаргасaн. Сосейт Женерал банкны мэргэжилтэн Глен Магуэйр: хэт халалтын эхний шинж тэмдэг нь инфляцын өсөлт гэж үзсэн.
Төрийн дэмжлэгтэйгээр их хэмжээний зээл олгож буй нь дотоодод хиймэл эрэлт үүсгэсэн. Үүнээс болж үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл бий болжээ. Өнгөрсөн 5 жилийн хамгийн их өсөлтийн хурд энэ оны 3 сард ажиглагдсан байна.
Энэ нөхцөл байдлаас гарахын тулд төрөөс явуулах бодлого нь:
1. Дахин санхүүжилтийн хүүг өсгөнө.
2. Юанийн ревальваци хийнэ. Өөрөөр хэлбэл юанийн үнэ өснө гэсэн үг юм.
Нөгөө талаас худалдааны бодлогод хямд юань нь асар их ашгийг Хятадад авчирдаг ч хямралаас гарах гол түлхүүр нь ханшны өсөлт гэж таамаглаж байна.
Джеймс Киндж (China shakes the world номын зохиолч) хэлэхдээ: хэт их хурдтай өсөлт нь хятадын эдийн засагт савангийн хөөсний үлгэрийг бий болгоно гэжээ. Өөрөөр хэлбэл хэт их өсөлт нь хөөсийг үүсгэж хагарсан тэр нь хагарсан тохиолдолд хятадын биш дэлхий нийтийн асуудал болно гэж тэрээр “Дэлхийг хятадууд сэгсэрнэ” номдоо бичжээ.
Хятадын гол толгойны өвчин нь үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл, инфляц зэрэг болно. Энэ нь мөнгөний бодлогыг зогсоохоос аргагүй байдалд хүргэж үр дүнд нь зээл, бусад төрийн дэмжлэг зогсоно.
Үр дүнд нь түүхий эдийн импортын үнэ буурна.
2009 онд хэт их хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийснээс болж эдийн засгийн төвийн мужуудад 70-80%ийн үнийн өсөлт бий болсон.
Нийт нутгаар 2010 онд инфляцаас болж өргөн хэрэглээний барааны үнэ өсөх хандлагатай байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн сард 3-6% өсөлттэй. Монгол улсын хувьд импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийн хажуугаар түүний эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах гол асуудлыг үүсгэнэ.
Цаашид экспортын нүүрс, түүхий эдийн үнэ буурч болзошгүй.
2010 оны 5 сарын байдлаар 7,5 триллион юанийн зээл зээл олгосон буюу 2009 оныхтой харьцуулбал 30%-аар бага байна.
Дүгнэлт: Цаашид тухайн цаг үеийн Мөнгөний бодлогын өөрчлөлтийг ажиглаж ахин судалгаа хийх шаардлага тулгарч байна.